нээлттэй захидал – Монгол

Канадын  Олон  Улсын  байгалийн  нөөц,  Хөгжлийн  Институт  уурхайн  нөлөөлөлд  өртсөн иргэдийн  аж  амьдралд  аюул  учруулж  байгаа  тухай  Саймон  Фрэйзерийн  Их  Сургууль, Бритиш Коламбиа Их Сургуулийн оюутнуудын  

нээлттэй захидал

2014 оны 9-р сарын 13

Канадаас бусад улс орнуудад уурхайн нөлөөлөлд өртсөн ард иргэд ээ,

Далайн эргийн Сэлиш уугуул хүмүүсийн эзэмшил газар нутаг дээр аж төрдөг Саймон Фрэйзерийн Их  Сургууль  (СФИС)  мөн  Бритиш  Коламбиа  Их  Сургууль  (БКИС)-ийн  оюутан  бид  та  бүгдэд учирч болох аюулын талаар ийнхүү сонордуулж байна. Канадын Олборлох Үйлдвэрлэл, Хөгжлийн Олон Улсын Институт (КОҮХОУИ, CIIEID) нэртэй байсан одоо Канадын Олон улсын байгалийн нөөц,  Хөгжлийн  институт  (КОУБНХИ,  CIRDI),  түүний  түншүүдийн  сүлжээнээс  аюул  учирч болзошгүй  байна.  Уг  байгууллага  нь  эрдэмтэд,  засгийн  газрын  байгууллагууд  болон  ТББ-уудыг ашиглан харгис хөнөөлтэй үйл ажиллагаагаа зүй ёсны болгох, хуульчлах гэсэн Канадад бүртгэлтэй уул  уурхай,  газрын  тос,  байгалийн  хийн  компаниудын  эрх  ашигт  үйлчилж  байна  гэж  бид  үзэж байна.

Нийгмийн эрүүл мэнд, улстөрийн шинжлэх ухаан, инженер, хууль эрхзүй, нийгмийн ажил зэрэг чиглэлээр  бакалаврын  болон  түүнээс  дээш  зэргээр  суралцаж  байгаа  оюутан  бид  та  бүгдийн  гэр бүл,  амьжиргаа,  ирээдүйгээ  хамгаалах  гэсэн  хүчин  чармайлттай  нэгдэх  зорилгоор  өнгөрсөн жилийн турш энэ байгууллагын үйл ажиллагааг зогсоохын төлөө ажилласан.

Канадын уул уурхай, газар өмчлөл, нэр хүндийг хамгаалах хуулиуд нь олборлох үйлдвэрлэлийн ашиг сонирхолыг нийгмийн сайн сайхнаас хамгаалдаг тул дэлхийн уул урхай, ашигт малтмалын хайгуулын  томоохон  компаниудын  ихэнх  нь  Канад  улсад  бүртгэлтэй  байдаг.  Канадын  засгийн газар дипломатын, санхүүгийн, одоо эрдэм шинжилгээний арга замаар эдгээр хууль тогтоомжийг бусад улс оронд экспортлохыг хүчтэй дэмжиж байна.

Канад улс дипломат болон эдийн засгийн аргуудыг ашиглан байгалийн баялаг ихтэй танайх шиг улс  орнуудын  уул  уурхай,  татвар,  газар  өмчлөл,  байгаль  орчныг  хамгаалах  тухай  хуулиудыг  нь өөрчлөх явцыг хянан чиглүүлдэг тухай та бүгд мэдэж, магадгүй үр дүнг нь амсаж эхэлсэн байхаа. Өнөөдөр  Гватемал,  Хондурас,  Колумб,  Перу,  Монгол  болон  бусад  олон  улс  оронд  Канадын олборлох  салбарын  ‘хөрөнгө  оруулалт’-ын  улмаас  байгаль  орчин  доройтож,  нийгмийн  үймээн, дургүйцэл бий болж байна.

КОУБНХИ нь Канадын засгийн газраас “хөгжиж буй орнуудын олборлох салбарын бодлого, хууль тогтоомж,  хуулийн  санаачлага  болон  хэрэгжилт,  сургалт,  техникийн  туслалцаа,  судалгааны хэрэгцээг хангах” чиг үүрэг хүлээсэн саяхан байгуулагдсан шинэ байгууллага  юм. Харин эдгээр орнуудад  олборлолт  хийж  байгаа  компаниудын  дийлэнх  нь  хамаг  үр  ашгийг  өөрсдөө  л  хүртдэг Канадад төвтэй үндэстэн дамнасан уул уурхайн корпорацууд байдаг. Иймд Канадын компаниудад илүү их үр ашиг, давуу тал бий болгох хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээр танай засгийн газрыг лоббидоход туслах үүргийг КОУБНХИ хүлээсэн ба энэ нь танай Уугуул хүмүүс болон иргэдийн хүний эрх, баялагтаа эзний хяналт тавих, орон нутгийн болон үндэсний шийдвэр гаргах үйл явц, байгаль хамгаалах, нийтийн эрх ашгийг хамгаалах үйлсийг устгана гэж бид үзэж байна. Канадад бүртгэлтэй  компаниудын  ашгийн  төлөө  бусад  улс  орны  бүрэн  эрхт  байдал,  уугуул  үндэстний тусгаар  байдал,  өөртөө  засах,  тусгаар  тогтнох  эрхийг  Канад  улс  хэрхэн  зөрчиж  ирснийг  түүх нотолно.

КОУБНХИ нь Канадын гурван их сургуулийг түшиглэх бөгөөд Канад болон бусад орны олон их сургууль,  ТББ-уудтай  түншилж,  олборлолт  хийж  байгаа  улс  орнуудад  хууль  зөрчсөн  үйл ажиллагаа явуулсан хэрэгтэй уул уурхайн компаниудаас (тэр дундаа Голдкорп ХНК-иас) олон сая долларын  санхүүгийн  дэмжлэг  авдаг.  Канадын  их  сургуулиуд  энэ  бусармаг  хэрэгт  оролцож Канадын  холбооны  засгийн  газраас  дэмжлэг  авч  байгаад  нь  энд,  Канад  улсад,  бид  дургүйцэж эсэргүүцлээ илэрхийлж байна. Дэлхийн уул уурхайн салбарын гэгдэх энэхүү төвд оюутан бидний гаргаж буй хүчин чармайлт танай орны нутгийн иргэдийн эсэргүүцэлд бодит хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна.

Дор  дурдсан  нэлээдгүй магадлан  шинжилгээ,  судалгаа  хийсний үндсэн дээр бид  та  нарт хандан энэхүү ил захидлыг бичиж байна, тухайлбал:

  • институт, түүний төсөв, хэрэгжүүлж буй төслүүд, мөн түнш байгууллагуудын талаар бүрэн дүүрэн мэдээллийг нийтэд ил тод болгох тухай нэг бус удаа хүсэлт тавьсан,
  • бид өөрсдийн веб хуудас дээрээ (http://stoptheinstitute.ca/) уг институтийн өнөөгийн бүтэц, чиг үүрэг  ямар  хортой  байгаа  тухай  тодорхой  тайлбарлахын  зэрэгцээ  түүнийг  хэрхэн өөрчлөх (эсвэл хаах) тухай шаардлагаа тавьсан,
  • харгис араншинтай  уул  уурхайн  салбарын  асуудлаар  оюутнуудын  зохион  байгуулсан мэтгэлцээнд КОУБНХИ-ийн удирдлагуудыг гэрчээр оролцохыг нэг бус удаа урьсан,
  • КОУБНХИ-ийн веб  хуудас  дээр  түншүүд/хамтрагчид  гэж  нэрлэсэн  байгууллагууд, эрдэмтэд, бусад бүлгүүдтэй холбогдож харилцсан,
  • эцэст нь бид нар Бритиш Коламбиа муж улсын Мэдээллийн эрх чөлөө, нууцлал хамгаалах тухай хуулийн дагуу мэдээлэл авах тухай албан ёсны хүсэлтээ гаргасан.

Мэдээлэл  хүссэн  бидний  хүсэлт,  биеэр  ирж  мэтгэлцээнд  оролцох  тухай  бидний  урилгад хангалтгүй хийгээд цөөн тооны хариу өгсөн тул одоо бид та нарт уг ил захидлаараа дамжуулан сонордуулга хүргүүлж байна.

Энэхүү  Институт  нь  үндэстэн  дамнасан  уул  уурхайн  корпорацуудын  ашиг  сонирхолтой  нягт уялдсан чиг үүрэг, зохион байгуулалт, санхүүгийн бүтэцтэй, мөн хаалттай үйл ажиллагаа явуулж байгаа (Канадын олон нийтийн хүсэлтэд хариу өгөхөөс удаа дараа татгалзсан) тул бид Канадын уул  уурхайн  компаниуд,  тэдгээрийн  охин  компаниудын  ашиг  сонирхол  бүхий  ашигт малтмал, нүүрстөрөгч эрдсийн олборлох сайтын ойролцоо амьдардаг нутгийн иргэдийн сайн сайхан, байгаль орчин, өөрийн нутаг дэвсгэр дээр, байгалийн нөөцөө өөрсдийн тодорхойлсон нөхцөлөөр ашиглах шийдвэр гаргах орон нутаг, бүс нутгийн болон үндэсний засгийн газрын бүрэн  эрхт  байдалд  КОУБНХИ  аюул  занал  учруулж  байна  гэж  бид  үзэж  байна.  Канадын олборлох салбарын парадигм нь хэрэглэгчдийн ханж цаддаггүй амьдралын хэв маягийг дэмжсэн, тогтвортой  хөгжлийн  үзэл  баримтлалд  харш  ашигт  малтмал,  нүүрсний  эрэлт  хэрэгцээг  хамгаас дээгүүр  тавьж  улмаар  Канадын  компаниуд  танай  улс  орны  ашигт  малтмалын  баялгаас  хүртэх зайлшгүй эрхтэй байх тухай үр ашиггүй мэтгэлцээн хэлэлцүүлгийг дагуулж байна. Уг парадигмын дагуу Канадын компаниуд танай байгалийн баялгийг олборлох болно, өөрсдийн хэрэгжүүлэх уул уурхайн мега төслүүдийн “нийгмийн лиценз” гэгчийг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд олон нийтийн санал бодлыг төөрөгдүүлж чадвал хамаагүй хямдхан тусна гэдгийг эдгээр компаниуд сайн мэдэж байгаа.

КОУБНХИ нь Канадын холбооны засгийн газраас даалгасан чиг үүрэгтэй, мөн үндэстэн дамнасан уул уурхайн корпорацууд, ашигт малтмалын хайгуулын болон нүүрсхүчил төрөгч ашигт малтмал олборлодог компаниудтай олон талаар  шууд  холбоотой байдаг тул  танай орны ард  иргэд,  эсвэл орон нутгийн иргэд “эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих, ядуурлыг бууруулах зорилгоор хөгжиж  буй  орнуудын  ашигт  малтмалын  нөөцөө  ашиглаж  улмаар  түүнээс  ашиг  шим  хүртэх чадварыг нь дээшлүүлэх” гэсэн сайхан үгээр нимгэн халхалсан эрхэм зорилгод амархан хууртаж энэ байгууллагатай хамтрахаас болгоомжлох хэрэгтэй. Гэсэн хэдий ч олборлолт хийж байгаа орон нутагт  бодит  ашиг  тус  авчрах  байдлаар  ажиллах  хууль  ёсны  эрх  КОУБНХИ-д  байхгүй.  Иймд “судлаачид  нутгийн  иргэдийн  дунд  илүү  итгэл,  нэр  хүндтэй  байдаг”  гэсэн  ойлголт  (олборлох салбарт  уг  итгэл,  нэр  хүнд  төдийлөн  байдаггүй)  дээр  үндэслэн  уул  уурхайн  компаниуд,  лобби бүлгүүд, Канадын дипломат корпус, Гадаад харилцаа, худалдаа, хөгжлийн яам (ГХХХЯ) эрдэмтэд болон  ТББ-уудтай  түншлэн  тэдгээрийн  “олон  нийтийн  оролцоог”  хангах  ажлын  эхний  фронтод ажиллаж байна.

КОУБНХИ-ийн  хэрэгжүүлж  байгаа  төслүүдийн  талаарх  тодорхой  мэдээлэл  хаалттай  хэдий  ч Канадын  засгийн  газар  дэлхийн  олон  улс  оронд  уурхайн  эдэлбэр  газрын ойр  орчимд  амьдардаг нутгийн  иргэдийн  дунд  хэрэгжүүлсэн  хамтран  ажиллах  сонирхолгүй  нутгийн  иргэдийг тайтгаруулах замаар уул уурхайн төслийг урагшлуулах гэсэн зорилготой ‘иргэдийн оролцоо’-ны төслүүдийг урьд өмнө санхүүжүүлж байсныг бид мэднэ. Бид нар бүх бие даасан судлаачид, мөн ТББ-уудын  дэлгэрэнгүй  жагсаалтыг  гаргаж  чадаагүй  боловч  одоогийн  байдлаар  бид  нарын нэгтгэсэн  жагсаалтыг  stoptheinstitute.ca/partners-with-cirdi  гэсэн  холбоосоос  авч  үзэх  боломжтой бөгөөд нэмэлт мэдээлэл олдсон тухай бүр уг жагсаалтыг шинэчлэнэ.

Тиймээс хэрэв гадныхан та нарт хандвал тэдгээр нь (эрдэмтэд, ТББ-ууд гэх мэт) гадаадын (эсвэл Канадын)  уул  уурхайн  компаниуд,  эсвэл  КОУБНХИ  (эсвэл  түүнтэй  төстэй  бусад  бүлэг)-ийн нэрийн өмнөөс яваагүй гэдэгт бат итгэлтэй байх, ирээдүйд та нарт хор хөнөөл авчрах аливаа гэрээ байгуулах үүрэг амлалт авахгүй байх үүднээс эдгээр этгээдэд хангалттай их асуулт тавьж, маш их сонор сэрэмжтэй байхыг та бүгдэд зөвлөж байна.

Та  бүгдийн  амьдардаг  нутаг  дэвсгэрт  нэвтрэх,  эсвэл  нутгийн  иргэдийн  дунд  аливаа  ‘судалгаа’ хийхээр  хандсан  гадныхнаас  олон  асуулт  тавьж  сайтар  лавлаж  байхаас  гадна  тэд  нар  хаанаас санхүүжилт  авдаг  тухай,  Канадын  олборлох  салбарын  компаниудын  ашиг  сонирхолтой  ямар холбоотой байдаг, ямар их сургууль эсвэл ТББ-уудад харьяалагддаг, ямар сэдэл, зорилго агуулж байгаа  тухай  албан  ёсны  хариуг  бичгээр  авч  байхыг  та  бүгдэд  зөвлөж  байна.  Цаашилбал  бусад орон нутгийн иргэд, бүлгүүд, эсвэл өөрсдийн итгэдэг ТББ-уудаас танай газар нутагт хийхээр санал болгоод байгаа аливаа зүйлийн талаар мэдээ мэдээлэл авч байхыг мөн адил зөвлөж байна. Бидний мэдэж  байгаагаар  Эмнести  Интернэшнл,  Райтс  Экшн,  Майнинг  Воч  Канада  гэсэн  гурван байгууллага хөндлөнгийн, гуравдагч  этгээдийн  дүн шинжилгээ,  мэдээллээр  хангаж  өгч  чадах ба эдгээр  байгууллага  нь  нийт  ард  түмэн,  орон  нутгийн  иргэдийн  эрх  ашгийн  төлөө  ажилладаг байгууллага юм.

Канадад  сурч  байгаа  оюутнуудын  хувьд  бид  нар  олон  улсын  олборлох  салбарын  төвд  ойрхон байдаг  хэдийч  гадаадын  үндэстэн  дамнасан  корпорацуудын  хэрэгжүүлж  байгаа  уул  уурхайн төслүүдийн  улмаас  та  нарт  тулгарч  байгаа  асуудлууд,  та  бүгдийн  орон  нутагт  болж  байгаа  үйл явдлаас  алс  хол  байдаг  билээ.  Бид  нар  гадаадын  ашиг  сонирхолд  газар  нутгаа  булаалгаж  газар шороогоо устгуулахын эсрэг тэмцэж байгаа  та бүгдийн бүрэн эрхт байдал, нэр төрөө хамгаалах гэсэн  чин  зорилгыг  дэмжиж  нэгдэх  амлалтаа  өгч  байна.  Та  бүгдийн  санал  хүсэлт,  та  нарт тохиолдсон зүйлүүд зэрэг нь та бүгдийн зорилгод нэгдэж ажиллахад бид нарт маш том дэмжлэг үзүүлнэ.  Та  бүгд  info@stoptheinstitute.ca.  гэсэн  цахим  шуудангийн  хаягаар  бид  нартай  холбоо барьж хандана уу.

Хүндэтгэсэн,

СФИС болон БКИС-ийн нэр бүхий оюутнууд

stoptheinstitute.ca

Мээлттэй захидал-CIRDI-Монгол — [PDF-Mongolian]

Harper's CIRDI Mining Institute at UBC & SFU: Free Prior & Informed Consent a barrier to mining profits